Headline,  Гадаад мэдээ

Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын “маскот”-ыг тодруулах уралдаан эхэллээ

2026 онд Италийн Милан болон Кортина хотуудад өвлийн 25 удаагийн олимпын наадам зохиогдоно. Гурван жилийн дараа болох өвлийн олимпын сахиус “маскот”-ыг тодруулах уралдааныг Итали улс эхлүүллээ.  Анхан шатны шалгаруулалт хэдийнээ эхлээд байгаа бөгөөд уралдаанд Итали даяар төрөл бүрийн сургуулиуд оролцож, хэдэн сарын турш саналаа илгээжээ.

Нийтдээ Санремо хотод 1600 орчим санаанууд ирсэн байна. Тодруулбал, Милан, Кортина д’Ампеццо хотуудад 2026 онд болох өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулагчид олон нийтийн санал хураалтад оролцохоос өмнө Италийн сурагч, оюутнуудаас сахиусны дизайны саналаа ирүүлэхийн тулд тусламж хүсчээ.

Милан Кортина 2026 нь лого шиг Италийн олон нийттэй маш их холбоотой байх ёстой гэдгийг сануулжээ. Олимпийн наадам болон Милан Кортина 2026 наадмын үнэ цэнийг төлөөлсөн саналуудыг зохион байгуулагчдын сонгосон дизайнерууд боловсруулах болно. Үүний дараа загваруудыг тусгай дижитал платформоор дамжуулан олон нийтийн санал асуулгад оруулна. Дараа нь ялагчийг 2023 онд Империа мужид болох Санремо наадамд албан ёсоор танилцуулахаар төлөвлөж байна. 

2006 онд Итали улсын Турин хотод өвлийн олимпын наадмыг хамгийн сүүлд зохион байгуулсан бөгөөд сахиус нь Неве, Глиз нар байсан билээ.  Неве бол итали хэлээр “цас” гэсэн утгатай бөгөөд улаан өнгийн хувцас өмссөн, “зөөлөн, нөхөрлөл, дэгжин” байдлыг илэрхийлдэг хүнлэг эмэгтэй цасан бөмбөг байсан юм.

Харин Глиз нь Итали хэлээр Ghiaccio буюу мөс гэдэг үгийн товчилсон хэлбэр нь бөгөөд цэнхэр өнгийн хувцас өмсөж, “урам зориг, баяр баясгаланг” илэрхийлдэг хүмүүнлэгжүүлсэн эрэгтэй мөсөн шоо хэлбэрийн сахиус байсан юм.

Tашрамд, сонирхуулахад эдгээр өдрүүдэд Австри, Их Британи, Канад, Герман, Финлянд, Япон, Норвеги зэрэг орны тэргүүлэх мэргэжилтнүүд Милан Кортина 2026 өвлийн Олимп, Паралимпийн наадмын тэмцээн болох газруудад шалгалт хийж байна.

Долоон орны Үндэсний олимпийн хорооны төлөөлөгчид нэгдүгээр сарын 30-наас эхлэн Итали улсад хоёр долоо хоногийн хугацаатай шалгалт хийж байгаа юм.  Мөн Милан Кортина 2026 тэмцээнийг зохион байгуулагчид болон ҮОХ болон ҮЗХ-ны мэргэжилтнүүдийн хооронд наадмын бэлтгэлийн талаар илүү их ойлголттой болох уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: msports.mn