Түүх

1924 оны зун Францын нийслэлд Зуны олимпийн наадам явагдах үеэр-үүнээс дөрвөн жилийн өмнө Спортын сэтгүүлчдийн хамтын нийгэмлэг байгуулахаар ярьж байсан хэсэг сэтгүүлчид чуулсан байна. Долдугаар сарын 1-3-нд Францын спортын клубт болсон уг хурлыг тус олимпийн наадмын ЗБХ-ны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Франк Рейшел, Бельгийн Виктор Буан, Шведийн Тегнер, Чехословакийн Секора, Францын Поцци нар удирдан 29 орны төлөөлөгч оролцжээ. Анхны ерөнхийлөгчөөр Райшел, дэд ерөнхийлөгчөөр Виктор Буаныг сонгож, долдугаар сарын 22-нд Дүрмээ баталсан байдаг. 

Анх ийнхүү 8 орны үүсгэл санаачилгаар байгуулагдаж байсан AIPS өдгөө 170+ гишүүн холбоотой, дэлхийн хэмжээний томоохон байгууллага болоод байна. 90 гаруй жилийн тэртээ үйл ажиллагааны чиглэлээ “Үндэсний холбоодын хамтын ажиллагааг спортын төрөл, гишүүдийн мэргэжлийн сонирхолд тулгуурлан хөгжүүлнэ, Дэлхийн бүх орны спортын сэтгүүлчдийн хооронд нөхөрлөл найрамдал, нийтлэг сонирхлыг өргөжүүлнэ, Гишүүдийнхээ ажиллах таатай нөхцлийг бүрдүүлнэ” хэмээн тодорхойлсноосоо өнөө хүртэл ухраагүй, ажилласаар байгаа юм. AIPS-ийн ерөнхийлөгчөөр Италийн иргэн Жанни Мерло 2005 оноос ажиллаж байна.

МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО

Бээжин-1990 Азийн наадам сурвалжлахаар явсан “Монголын спорт” сонины сэтгүүлч Ж.Отгонцагаан уг наадмын үеэр ASPU-гийн дэд ерөнхийлөгч, БНСУ-ын иргэн Пак Кап-Чультай уулзаж, өөрийн орондоо Спортын сэтгүүлчдийн холбоо байгуулахын ач холбогдлыг Солонгос эрхэм тайлбарлаж өгсөн юм. Энэ бол есдүгээр сарын дундуур болсон явдал бөгөөд Бээжингээс ирмэгц Спортын сэтгүүлчдийн холбоогоо үүсгэжээ. Улмаар 1990 оны арванхоёрдугаар сарын 5-8-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон ASPU-гийн чуулганаар Монголын спортын сэтгүүлчдийн холбоог ASPU-гийн гишүүнээр баталжээ. Харин Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо AIPS-д 124 дэх гишүүнээр 1992 онд Унгарын Будапешт хотноо болсон чуулганаар гишүүнчлэлээ баталгаажуулсан билээ. Энэ бол Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дараагаар манай оронд бий болсон сэтгүүлчдийн хоёрдахь байгууллага, мэргэшсэн сэтгүүлчдийн анхны байгууллага байлаа.