МЭНДЧИЛГЭЭ

Сэтгүүл зүйн ажил, хөдөлмөрөө спортын зам мөртэй хослуулсан спортын сэтгүүлч, зураглаач, найруулагч, зурагчин, тайлбарлагч, спортын үнэнч бичигч, дэмжигч та бүхэндээ Олон улсын спортын сэтгүүлчдийн өдрийн мэнд хүргэе.  

Жил бүрийн долдугаар сарын 2-нд “Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр” тохиож, энэ өдрийг спортод хайртай мянга мянган сэтгүүлчид мэргэжил, сонирхол, хүсэл тэмүүллээрээ бахархан тэмдэглэдэг билээ. 

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо 1924 онд байгуулагдсан гэгээн түүхийг бид энэ өдөр эргэн дурсах нь сайхан байдаг. “Парис-1924” зуны олимпын үеэр зургаан сэтгүүлч хуралдаж, AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог үүcгэн байгуулах санаачилга гаргасан ба энэ санаачилгыг 20 гаруй орны сэтгүүлчид дэмжиж, 1924 оны долдугаар сарын 2-нд AIPS-ийг байгуулсан түүхтэй. Боксын рингэн дээр хуралдсан энэхүү түүхт үйл явдал хожим нь дэлхийн 170 гаруй орныг гэр бүлдээ нэгтгэсэн AIPS хэмээх том айлыг бүрдүүлэх эхлэл болж байжээ.

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Монголын спортын сэтгүүлчид Олон улсын холбооныхоо идэвхтэй байгууллага, идэвхтэй гишүүд байсаар ирсэн. 

1990 онд спортын сэтгүүлч С.Түвдэнням, Ж.Отгонцагаан тэргүүтэй биеийн тамир спортоор дагнан бичдэг сэтгүүлчид санаачлан Монголын спортын сэтгүүлчдийн холбоог байгуулж, өнөөдрийн биднийг хүсэл сонирхол, мэдлэг, мэргэжлээрээ нэгдэн, олон улс, тив, дэлхий, олимпийн наадам сурвалжлах өргөн боломжийг нээж өгсөн билээ. 

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны анхны ерөнхийлөгчөөр “Спортын мэдээ” сонины ахлах редактор, эрхлэгч С.Түвдэнням, удаах ерөнхийлөгчөөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан нар ажиллаж байв.

1990-ээд оны эхээр МССХ нь Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо болон Азийн спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнээр элсэж байсан бол өдгөө 100 гаруй сэтгүүлч, сурвалжлагчдыг эгнээндээ нэгтгэсэн, эвсэг, найрсаг хамт олон болжээ. 

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо энэ онд байгуулагдсаныхаа 30 дахь жилтэйгээ золгож байна. 30 жилийн ойг тохиолдуулан Монголын спортын сэтгүүлчдийн албан ёсны вэб хуудсыг спортын сэтгүүлчдэдээ зориулан нээж байгаадаа баяртай байна.

Энэ хуудас, энэ орчин та бүхний спортын сэтгүүл зүйн фронтын индэр байх болтугай.

Та бүхэндээ баярын мэнд хүргэе. 

Ч.Отгонбаатар
Ерөнхийлөгч