Монголын хөл бөмбөгийн 2020 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Эх сурвалж: gogo.mn

Зургаа дахь удаагийн “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа Виртуал хэлбэрээр амжилттай явагдаж, 2020 онд Монголын хөл бөмбөгийн ертөнцөд гялалзсан эрхмүүд шилдгүүдээ тодрууллаа. 

“Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа зохиогдож эхэлсэн цагаас буюу зургаан жил дарааллан “Шилдэг эрэгтэй тоглогч”-ийн төлөө өрсөлдөж, бэлгэдлийн 11-т багтсан “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд 2020 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин боллоо. 

Н.Наранболд: “Энэ мөчийг удаан хүлээлээ. Учир нь 12-р сарын 12 миний ээжийн төрсөн өдөр байдаг. Монголын шилдэг хөлбөмбөгчин болж ээждээ бэлэг барихыг үргэлж хүсдэг байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Монголын шигшээ баг, “Атлетик 220” клубийн довтлогчийн “Алтан бөмбөг 2020” ёслолын үйл ажиллагаанаас “Шилдэг эрэгтэй тоглогч”, “Шилдэг гоол” шагналыг хүртэж, “Бэлгэдлийн 11”-т багтаж гангарлаа. 

“Шилдэг футзалын тоглогч”-оор Монголын тэмүүлэл клубийн залуу хүү О.Оюунболд шалгарлаа. О.Оюунболд 73 гоолтойгоор футзалын үндэсний дээд лигийн мэргэн бууч болж, нэг тоглолтод 20 гоол оруулсан анхны тоглогч гэсэн рекорд тогтоосон билээ. 

“Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээний хүндтэй нэгэн шагнал болох Ерөнхийлөгчийн нэрэмжит шарналыг МХБХ-ны техникийн захирал Хатем Соусси хүртсэн юм. 

100 хувь үзэгчдийн саналаар тодордог “Бэлгэдлийн 11”-т дараах тоглогчид багтлаа.

4-4-2 хувилбараар
Хаалгач: 

Э.Мөнх-Эрдэнэ 

Хамгаалагчид:

  • Г.Билгүүн                     
  • Д.Төрбат                    
  • Э.Мөнх-Эрдэнэ          
  • В.Тэмүүжин

Хагас хамгаалагчид:

  • А.Дөлгөөн                   
  • Х.Цэнд-Аюуш           
  • А.Тэмүүжин             
  • Ц.Мөнх-Эрдэнэ

Довтлогчид:

  • Н.Наранболд            
  • О.Мөнх-Оргил 

Анх удаа Виртуал хэлбэрээр зохион байгуулагдсан “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд Английн Арсенал клубийн домогт дасгалжуулагч Арсен Венгер, Боруссия Дортмунд клубийн Карл Хайнц Ридл, Монгол улсаас Европ тивд тоглож буй анхны мэргэжлийн хөлбөмбөчин Г.Ганбаяр нар цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.