42 НАСТАЙ МӨС ТЭГШЛЭГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЛИГТ БАЙГУУЛСАН ЯЛГУУСАН ЯЛАЛТ

Мэргэжлийн хоккейд “emergency goalkeeper” буюу “гэнэтийн үеийн хаалгач” гэсэн ойлголт бий. Лигийн дүрэмд зааснаар “хэрвээ багийн үндсэн болон сэлгээний хаалгач гэмтэл авах юм уу бусад шалтгаанаар талбайд гарах боломжгүй болсон бол гэнэтийн хаалгачийг ашиглаж болох” бөгөөд хамгийн ойр байх бүртгэлтэй хаалгачийг цэнгэлдэхэд ирэх хүртэл тоглолт завсарлахыг зөвшөөрдөг аж. Гэвч гэмтэл бэртлээр дүүрэн хоккейн ертөнцөд “нөөц хаалгач” талбайд гарсан тохиолдол өнгөрсөн 50 улиралд ердөө хоёрхон удаа л тохиож байж. Гэхдээ энэ тоо 2-р сарын 24-нд нэгээр нэмэгдсэн юм. Энэ бол өнөөдөр Sportworm-ийн өгүүлэх өөр нэгэн урам зориг бадраах түүх.

ОРШИЛ: ХОККЕЙГ ОЙЛГОХ НЬ

20 минутаар 3 үе тоглодог мэргэжлийн хоккейд тоглогч бүр өөр өөрийн үүрэгтэй. Талбайд нэгэн зэрэг гурван довтлогч, хоёр хамгаалагч гарах бөгөөд нийт дөрвөн тавтыг баг ашиглах эрхтэй байна. Хамгийн супер одод дунджаар 20 минутыг талбайд өнгөрүүлдэг нь бусад мэргэжлийн лигүүдтэй харьцуулахад багад тооцогдоно. Талбайд гарсан хором бүрдээ бүх хүчээ шавхаж, нэг булангаас нөгөө булан хүртэл эцсийн мөч хүртэл тэмцэлдэх нь тэдний үүрэг. Шайб эзэмших гэж талбайд гардаг, эсвэл од тоглогчоо хамгаалдаг тоглогчид байхад нөгөө талын оддыг хөөдөг, хамгаалж цаг барьдаг тоглогчид бас бий. Биеийн хүчний тоглолт давуу тал үүсгэдэг, зодоон хийхийг ч дүрмээрээ зөвшөөрдөг, эсрэг багийн тоглогчоо унатал нь мөргөх нь статистикаар бүртгэгддэг гээд хоккейд “экстрим” тал их бий.

Гэтэл ид тоглолт үргэлжилж байх үед танай багийн хоёр хаалгач хоёул гэмтчихвэл яах вэ? Шууд бууж өгнө гэж үү? Эсвэл хөлбөмбөг шиг өөр тоглогчоо хаалган дээр зогсоох уу? Харамсалтай нь хэмнэл, аргачлалаараа эрс онцгой хоккейн спортод тийм боломж үгүйг та бараг ойлгосон байх. 

Тиймдээ ч “гэнэтийн үеийн хаалгач“-ийн жагсаалтыг лигээс үүсгэж, клуб бүрийг цэнгэлдэхэд маш богино хугацаанд ирэх боломжтой, эсвэл байнга байж чадах “хаалгачийн туршлагатай” хүмүүсийг нэгтгэж бүртгэхийг үүрэгддэг. Баг бүр дор хаяж нэг хаалгач бэлдэнэ гэсэн үг. Зарим баг тэдгээр хаалгачдаа өндөр ач холбогдол өгч, бэлтгэлдээ оролцохыг зөвшөөрөх нь ч бий. Зарим нь жилдээ жагсаалтаа шинэчилчихээд нэг их тоохгүй байх нь ч элбэг. Эцсийн эцэст энэ бол сайн дурын, ямар нэг цалингүй ажил шүү дээ. Гэхдээ тохиол нь бүрдвэл мөрөөдлөө биелүүлэх гайхамшигтай боломж бүрдлээ гэсэн үг.

ЭХЛЭЛ: ДЭЙВТЭЙ ТАНИЛЦАХ НЬ

Яг тийм боломж 42 настай Дэвид Айрест тохиосон юм. Гэхдээ түүх тийм ч дардан өрнөөгүй.

Хоккей үндэсний спорт болон өргөн тархсан Онтариогийн Уитби хэмээх хотод төрсөн түүнд хаалгач болохоос өөр сонголт байгаагүй гэлтэй. Эцэг нь, төрсөн ах нь орон нутгийн лигт хаалгачаар тоглодог байсан нь Дэйвт нөлөөлж, хүүхэд байхаасаа л шонгийн хоёр талд зогсдог үүргийг хүлээсэн байна.

Харамсалтай нь, түүний карьер хэзээ ч мужаасаа хэтрэх хувьгүй байж. 27 насандаа хүндээр өвдөж, бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон нь мэргэжлийн замналыг нь бүрмөсөн дуусгав. Тэр ахиад талбай дээр гарахгүй ч байж мэдэх нөхцөлтэй нүүр тулжээ. Ахлах сургууль, их сургуульдаа хаалгачаар тоглосон туршлагаа ашиглаж хүүхдийн багт дасгалжуулагчаар ажиллаж үзсэн ч хол явсангүй. Ингээд л сая сая залуусын адил спортын мөрөөдлөө хаяхаас өөр аргагүй болжээ.

Гэвч хувь заяа түүнийг ахиад хоккейтой холбож орхижээ. Энэ удаа тэр Кока Кола Колизиумд ордон хариуцсан менежерээр ажилллах боллоо. Энд AHL буюу Америкийн Хоккейн Лигийн “Торонто Марлиз” тоглолтоо хийдэг байв. Марлиз бол NHL-ийн хамгийн түүхт клубуудийн нэг Торонто Мэйпл Лифзийн охин клуб. NHL-д гологдсон дундчуул, бэлтгэгдэж буй ирээдүйн одод, зүйрлэвэл NBA-ийн Хөгжлийн лигтэй дүйцэхүйц AHL-д тоглох бөгөөд шаардлагатай үед толгой баг руу дэвших, үгүй бол бүр доод лиг рүү цөлөгдөх нь энгийн үзэгдэл. 

Дэвид Айрес энд хийж болох бүх зүйлийг л хийдэг байлаа. Хаана түүний хэрэг гарна, тэнд байж байна. Голцуу мөс тэгшлэх зориулалттай “Zamboni” унаж талбай тойрно. Тоглолттой үед завсарлагын үеэр тэр энэ үүргээ биелүүлэх их дуртай байж. Жинхэнэ өрсөлдөөний үнэрийг ойроос мэдрэх боломж энэ байж л дээ.

Нэгэн өдөр ажлынхаа хүнтэй өдрийн хоол идэх зуураа өөрийгөө хаалгачаар тоглож байсан, бүр дасгалжуулагч ч хийж үзсэнээ хэлсэн нь түүнд шинэ карьер эхлүүлэх боломж олгожээ. Өнөөх нь клубийн хувцас хэрэглэл хариуцсан менежер байсан тул Мэйпл Лифзийн дасгалжуулагч Ш.Кийфтэй Айресыг танилцуулжээ. Торонто бидний өмнө дурдсан “гэнэтийн үеийн хаалгач”-ийн эрэлд гараад байж л дээ. Өөөр нэр дэвшигчид, чадварлаг хаалгачид хотод байсан нь тодорхой ч хэзээд бэлэн байх, итгэлтэй нэгэн тэдэнд хэрэгтэй байж. Ордонд ажилладаг, хоккейд дуртай, бүр тоглож байсан туршлагатай учир Айрес “төгс” гэмээр сонголт байв.

Ингээд л Айрес Торонтог төлөөлж NHL-ийн “гэнэтийн үеийн хаалгач”-ийн жагсаалтад бүртгэгдэж, лигт данстай болов оо. Энэ бол 2017 он. 

Улмаар Айрес 3 улирлын турш багийнхаа нөөц хаалгачаар “ажиллажээ”. Торонто тоглолт хүлээн авах бүрд тэр ордны дээд асарт тоглолт үзэн сууна. Эхэндээ ч энэ ажил “гайхамшигтай” мэт санагдаж байлаа. Дэмждэг багийнхаа тоглолтыг үнэгүй үзэх түүнд зугаатай санагдав. Сүүлдээ түүнд ажил нь уйтгартай санагдаж эхлэв. Заримдаа шар айраг ч ууж суух шиг. Тоглолт бүрд л өнөөх суудалдаа сууна. Угаас өдөр бүр мөсөн дээр ажилладаг учир сэтгэл нь нэг их хөдлөхөө ч больжээ. Түүнд тоглолтын хувцсаа өмсөх тохиолдол яг дөрвөн удаа гарчээ. Тоглолтын өмнө, эсвэл тоглолтын үеэр нэг хаалгач гэмтэл авч тоглох боломжгүй болсон гэсэн үг. Гэхдээ тэр бүрд сэлгээний хаалгач тоглолтыг дуусгачихаад л байв.

Тиймдээ ч эхнэртээ ирэх улирлаас энэ ажлаа үргэлжлүүлэх эсэхээ нухацтай бодно хэмээн хэлсэн хэрэг. 2019-20 оны улиралд тэр бага багаар хөндийрөх бэлтгэлээ хангаж, багийнхаа талбайдаа хийдэг 41 тоглолтын 20-д нь “бэлэн” байх үүрэг хүлээгээд байжээ.

Нийтлэлийг бүтнээр нь эх сурвалжаас унших: posted.mn